Логистик (Logistics) гэж нэрлэгддэг үйлчилгээний салбарыг тээвэр гэсэн ойлголтоор төсөөлөн үзэж, асуудал нь дан ганц хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалдаг гэсэн хандлага манай оронд нийтлэг юм. Үнэн хэрэгтээ зах зээлийн нийгэмд логистикийн салбар нь маш өргөн цар хүрээг хамарсан, эдийн засгийн бүхий оролцогчдод хүрч үйлчилдэг амин чухал салбар байдаг. Хэдийгээр логистик гэдэг үг нь барааны хадгалалттай холбоотойгоор 19 дүгээр зууны сүүл үеэс хэрэглэгдэж ирсэн үг боловч орчин үеийн бизнесийн орчинд “түүхий эд, материал, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн хөрөнгийн урсгалыг удирдахтай холбоотой бизнес төлөвлөлтийн цар хүрээ”-гээр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл логистикийн гол асуудал нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, зорилтод нийцүүлэн аливаа түүхий эд, бараа, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн хөрөнгийг эхлэл цэгээс зорилтот цэг хүртэл хамгийн үр ашигтай шилжүүлэлт ба хадгалалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын нэгдмэл процесс юм. Логистик нь зөвхөн аж үйлдвэрлэлийн салбараар зогсохгүй Засгийн газар, түүний институциуд, эмнэлэг, сургууль, жижиглэн болон бөөний зах зээлүүд, банк, санхүүгийн байгууллагууд гэх мэт бүхий л төрлийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааны үндсэн нөхцөл болж байдаг. бөгөөд Томоохон төслүүдийн худалдан авалтыг оновчтой ханган нийлүүлэх, зохион байгуулах замаар төслийн зардлыг дотоод эдийн засагт шингээх замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа үр ашигтайгаар шингээх хамгийн том салбар нь логистик юм. Нөгөө талаас уул уурхайн салбарын хурдацтай хөгжил нийт иргэдийн амжиргаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаагийн томоохон шалтгаан нь логистикийн салбарын сул хөгжил байдаг. Түүнчлэн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг бүрдүүлэхээс авахуулаад үйлдвэрлэл, хэрэглэгчид хүргэх түгээлтийн гэх мэт алхам бүрт логистикийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтын үүрэг дагалдах бөгөөд логистикийн систем гарц нь өрсөлдөөний давуу тал, цаг хугацаа болон байршлын ханамж, үр ашигтай хөдөлгөөнийг бий болгохоос гадна логистикийн сайн тогтолцоо нь байгууллага болон улс оронд маш том хөрөнгөд тооцогддог.
Логистикийн үйл ажиллагаа нь эрт үеийн худалдаатай холбоотойгоор хэдэн мянган жилийн түүхтэй юм.
Тусгаар судлагдахуун болон хөгжих үндэс нь 1900-ээд оны үед хамаарах бөгөөд хөдөө аж ахуйн фирмийн бүтээгдэхүүнийг түгээх асуудалтай холбоотойгоор анхаарал татаж эхэлсэн байна.
Логистик нь эдийн засагт хоёр үндсэн сувгаар голлох үүрэгтэй оролцдог.
Нэгдүгээрт
Логистик нь бизнесийн бусад эдийн засгийн хүчин зүйлстэй харилцан уялдаатай оршдог голлох зардлуудын нэг юм.
Энэхүү нэмэлт зардал нь макроэдийн засгийн талаасаа хэрэглэгчид очих үнийн түвшинг өсгөх, бизнесийн ашгийг бууруулах нөлөөтэйгээс шалтгаалан амжиргааны түвшин/standard of living/-ийг бууруулах, татварын суурийг хумих бодитой сөрөг нөхцөл юм. Иймээс логистикийн системийг оновчтой төлөвлөх, бий болгох, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх нь бүхэл эдийн засгийн хувьд чухал зорилт юм.
Хоёрдугаарт
Логистик нь бүхий л эдийн засгийн гүйлгээний урсгал, шилжилтийг дэмжих үүрэгтэй байдаг
Өөрөөр хэлбэл, бүхий л бараа, үйлчилгээний худалдаанд чухал үйл ажиллагаа юм. Хэрвээ бараа цагтаа очихгүй, эсвэл зөв байршилдаа хүрэхгүй бол ямар ч худалдаа, арилжаа, эдийн засгийн хэлцэл хийгдэхгүй юм.